Бидний тухай

Монголд циркийн урлагийг анх үүсгэн байгуулагдах үед тэнцвэрийн төрөлд багтдаг уран нугаралтыг багш - шавийн сургалтын арга барилаар хөгжүүлэхдээ, монгол хүний бие бялдарын уян хатан чанар, ард түмний уламжлалт биет биелгээ, үндэсний бүжгийн үйл хөдлөлийг, тэнцвэрийн төрлийн хүнд хэцүү трюктэй хослуулан бүтээсэн “ Монголын уран нугаралт” дэлхий дахинд гайхагдсан уран бүтээл болсон юм.

Тийм учраас төр засаг өндрөөр үнэлэн “Үндэсний урлагийн нэг төлөөлөгч” гэж хүлээн зөвшөөрч, хойч үедээ залгамжлуулан хөгжүүлж, дэлгэрүүлэх зорилгоор 1971 онд тус урлагийн гол төлөөлөгчид болох Т. Цэнд Аюуш, Д. Мажигсүрэн, Б. Норовсамбуу нарт Төрийн шагналаа хүртээж байв.

Т. Цэнд-Аюуш

Төрийн шагналт, Ардын жүжигчин

Д. Мажигсүрэн,

Төрийн шагналт, Гавъяат жүжигчин

Б.Норовсамбуу

Төрийн шагналт, Ардын жүжигчин

“Монголын уран нугаралт” нь олон улсын циркийн тэмцээнээс удаа дарааллан алт, мөнгө, хүрэл медал, дэлхийн циркийн “Хүрэл алиалагч” , “Мөнгөн алиалагч” шагналуудыг хүртэж, алдарт циркүүдийн манеж, энтертайнмент шоу, олон улсын телевизийн хөтөлбөрүүд, нэрт оддын концерт болон Холливудын кинонд уригдан тоглож, өнөөдрийг хүртэл эх орныхоо “Үндэсний урлагийн төлөөлөгч” нэрээ хариуцлага, нэр төртэйгээр өргөн авч явж байна.

Тухайн үеэс монголын уран нугаралт тэлэн хөгжиж, 2003 онд “Монголын уран нугаралтын холбоо”, 2014 онд “Монголын уран нугаралтын АСА академи”, 2022 онд “Монголын уран нугаралтын мэргэжлийн холбоо” тус тус үүсгэн байгуулагдаж, багш суралцагчдын тоо өсөн нэмэгдсээр өдгөө нийслэл болон орон нутагт нийт 20-иод сургалтын төв 300-аад суралцагчдыг бэлтгэн үйл ажиллагаа явуулж байна.

Л. Энхцэцэг (МУГЖ) амьдралынхаа 50 гаруй жилийг Уран нугаралтын мэргэжилд зориулсан. Монголын Циркт, Уран нугаралтын үзүүлбэрээр, 1982 онд Кубын Олон Улсын Циркчдийн Тэмцээний “ Тэргүүн шагнал”, 1983 онд Парисын “ Маргаашийн Циркчид” Олон Улсын Циркчдийн Тэмцээнээс “ Алтан Медал” ыг тус тус авчирсан анхны жүжигчин юм. 2004 онд Монголын Залуу Уран Нугараачдын Фестивалд, 2023 онд Парисын “ Маргаашийн Циркчид” Олон Улсын Циркчдийн Тэмцээнд шүүгчээр ажилласан. 2006 оноос “ Angels “ акробат уран нугаралтын төвийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, 2016 оноос Монголын Уран Нугаралтын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Тус холбоод болон академи нь уран нугаралтыг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж хөгжүүлэх зорилгын дор уран бүтээлийн нэгдсэн бодлого гаргах, судалгаа шинжилгээ хийх, түүхэн явцыг архивлах, уран нугаралтыг дэлхий дахинд сурталчлах, уран бүтээлчдийг нэгтгэх, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, шилдэг суралцагчдыг олон улсын тэмцээнд оролцуулах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.

1991 оноос эхлэн монголын уран нугараачид дэлхийн улс орнууд, тэр дундаа Америкийн нэгдсэн улсад уригдан ажиллаж амьдарч, зөвхөн уран бүтээлээ толилуулаад зогссонгүй, уран нугаралтын арга техникийг зааж сургаж эхэлсэн билээ.

Америк болон европын улс орнуудад ажиллаж амьдарч буй эдгээр уран нугаралтын багш нар ихэвчлэн насанд хүрсэн хүмүүстэй ажилладаг учир уран нугаралтын бие халаалтын үндсэн дасгалуудад суурилсан, бие махбодийн үе мөчийг сунган, биеийг уян болгох дасгалуудыг өөр өөрсдийн арга барилаар хөгжүүлсэн нь гадны улс орны хүмүүсийн монголын уран нугаралтын дасгалаар хичээллэх хэрэгцээг бий болгож, хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлсэн юм.

Ийнхүү олон улсад монголын гэх тодотголтой уран нугаралтын үзүүлбэрийн арга техник, тэр дотроо биеийг уян хатан болгох дасгал хөдөлгөөнийг хүүхэд залуус төдийгүй, гадаад улс орны насанд хүрсэн хүмүүс сонирхон суралцах болсон тул, дэлхий дахинаа алдаршуулан таниулж, цаашлан амьдралынх нь хэв маягийн нэг хэсэг болгон хэвшүүлэх зорилгыг өвөртлөн “ УЯН “, “SUPPLE” уран нугаралтын заах арга зүйн номыг монгол, англи хэлнээ хэвлүүлэн Amazon худалдааны платформд худалдаалж байгаа билээ.

Түүнчлэн олон улсад ажиллаж амьдарч буй монголын болон гадаад улс орны уран нугараач, багш нарыг нэгтгэж, монголын уран нугаралтын арга техникээс суралцах хүсэлтэй гадны улс орны хүмүүсийн эгнээг тэлэх, улмаар уран нугаралтаар дамжуулан дэлхий дахинаа монголын соёл урлаг, гайхамшигт газар нутгийг сурталчилж, монголыг зорих хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх зорилгоор 2023 оны 10 дугаар сард “УЯН”- Монголын уран нугараачдын анхны чуулга уулзалтыг АНУ-ын Лас Вегас хотод анх удаа амжилттай зохион байгуулаад байна.

Энэхүү чуулга уулзалтаар АНУ төдийгүй, олон улсад ажиллаж амьдарч байгаа уран нугараачид хуран чуулж, гала тоглолт болон workshop сургалт бүхий цогц арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд, олон улс орноос уран нугаралтаар мэргэших зорилготой болон биеэ уян хатан болгох зорилготой 300 гаруй гадны суралцагчид зорин ирж оролцсон нь энэ чуулга уулзалт дахин зохион байгуулагдах хэрэгцээ өндөр байгааг баталсан үйл явдал болсон юм.

Иймд АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдсан тус чуулга уулзалтын үргэлжлэл болгон, “УЯН”- Монголын уран нугараачдын хоёрдугаар чуулга уулзалтыг өргөн хүрээнд 2024 онд эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эх орондоо зохион байгуулснаар, дэлхий дахинд ажиллаж амьдардаг монголын болон гадаад улс орны мэргэжлийн уран нугараач багш, жүжигчдээс гадна, монгол улсад үйл ажиллагаа явуулдаг студи, төвийн багш, суралцагчид, цаашлан дэлхийн өнцөг булан бүрт байгаа уран нугаралтаар хичээллэх сонирхолтой гадаад улс орны суралцагчдыг тус уран нугаралтын өлгий нутагт нэгтгэн цуглах боломж бүрдэж байгаа юм.

“УЯН”- Монголын уран нугараачдын хоёрдугаар чуулга уулзалтаар мэргэжлийн уран нугараач багш нараас уран нугаралтын заах арга барилын туршлагыг харилцан суралцах боломжийг олгон монгол болон гадаад улс орноос зорьж ирсэн суралцагчдад үе шатттай workshop сургалтыг зохион байгуулах болон, студи төвүүдийн шилдэг үзүүлбэр бүхий гала тоглолтоос бүрдсэн баялаг хөтөлбөртэй.

Иймд үндэсний урлагийн нэгэн төрөл болох уран нугаралтыг хөгжүүлэх эх үйлсэд хувь нэмрээ оруулах аж ахуй нэгж байгууллагууд, хувь хүмүүс болон уран нугаралтын мэргэжлээр ажилладаг багш, жүжигчдийг 2024 оны 9 сарын 6,7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах “УЯН”- Монголын уран нугараачдын хоёрдугаар чуулга уулзалтад хамтран ажиллахыг урьж байна.